Итгэл нь дандаа шашны утга, агуулгын талаас оршин тогтнох албагүй ч хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүсийн амьдралынх нь хүч оршин тогтнож буй талбар юм. Энэ нь амьдралыг бий болгогч олон янзын харилцаа, хүчнүүдэд утга учрыг өгөх гэсэн нэгэн төрлийн арга зам ажээ. Итгэл нь хүмүүсийн амьдралыг үнэлэх үнэ цэнийг хэлэх ба хамгийн хайртай, үнэтэй зүйлдээ хувь нэмрээ оруулах арга замуудад нөлөөлөгч хүчин зүйл болдог. Энэ нь хэсэг бүлэг хүмүүсийн хамтаараа эрхэмлэдэг зүйлс ба бүх хүмүүсийг хамарсан зүйл юм. Итгэлийг бид амьдралдаа олж авдаг бөгөөд хүнд хэцүү үед цааш зүтгэн тэмүүлэж, хөдөлгөх хүчин зүйл болдог. Монгол хэлнээ “итгэл” гэдэг үгийг тайлбарлахдаа итгэх үйлийн нэр, бат найдлага, сэжиггүй үнэмлэх санаа гэж тэмдэглэсэн байна. Үүнд үндэслэн итгэлийг хүний амьдралынх нь мөн чанарт нөлөө үзүүлдэг агуу зүйл гэж хэлж болно.
Хүүхэд эхийн хэвлийд олдон төрөх үедээ шинэ орчинд дасан зохицох чадварыг эзэмшсэн байдаг хэдий ч энэ нь хараахан бүрэн гүйцэд чадвартай гэсэн үг биш. Энэхүү чадварыг хэр их эзэмшиж байгаа нь эцэг эхчүүдийн төлөвшилт, хүрээлэн буй орчин, нийгэм, ямар харилцаанд байна гэдгээс ихээхэн хамаардаг. Х.Ричард Ниэбухр “итгэл нь биднийг нялх байхад маань хайр халамжаа үзүүлж байдаг хүмүүсийн харилцааны үед өөрийн гэсэн хэв хэлбэрээ олж тогтнодог” гэж хэлжээ. Тэгэхээр итгэл гэдэг зүйл маань тухайн айлд өөрийн гэсэн үнэ цэнэтэйгээр оршин тогтнож байдаг.
Хүүхдийн эргэн тойронд байж хайр халамж үзүүлж буй хүмүүсийн дуу хоолой, үг хэл, асарч байгаа арга замаар дамжуулан итгэл ба итгэлцэл гэдэг зүйл бий болдог. Хүүхэд өөрт нь анхаарал тавьж буй хүмүүсийн хандлагаар дамжуулаад Бурханы талаарх дүрслэл, бодол нь өөрийн гэсэн анхны сууриа тавьдаг. Аажмаар тэд өсөж өөрийн гэсэн итгэлтэй болдог.
Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ сүнсний амьдралд Христэд итгэгч, үл итгэгч байх эсэхээс хамаарахгүйгээр нөлөөлөх нь дамжиггүй. Тиймээс хүүхдийнхээ сүнслэг амьдралыг бүтээн байгуулахад гол нөлөөг үзүүлэгч хүмүүс нь эцэг эхчүүдийг байгаасай гэж Эзэн хүсдэг. Тэргүүлэх зэргийн сэтгэл зүйч болон хүүхдийг сурган хүмүүжүүлэгчид 5 нас гэхэд хүүхдийн насанд хүрэх үеийн зан төлөвшилтийн 90% нь аль хэдийн нь төлөвшсөн байдгийг бидэнд хэлж өгсөн. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдийг төрөх үеэс нь л сүнсний амьдралд нь сургах ажлыг эхлэх шаардлагатай гэдгийг дээрхээс харж болно. Хүүхдэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үнэхээр их хэрэгтэй. Бурханы талаархи төсөөллийн анхны мэдрэмж нь эцэг эхчүүдээр дамжуулан бий болдог гэдгийг үргэлж санаарай.
Ром 1:16–17 ишлэлд “итгэлээс итгэлд” гэж хэлсэнээр итгэл нь зогсонги бус хөгжих явцтай байдаг тухай өгүүлсэн. Анхандаа итгэл төлөвшөөгүй, ганхаж эргэлзсэн байдаг ч итгэлээс итгэлд шилжих зуур өөрчлөгдөн хөгжиж бат итгэлтэй болж эргэлзэж тээнэгэлзсэн байдлыг орхидог. Итгэлийн анхны ойлголтыг орхиж төлөвшсөн итгэгчид болох хэрэгтэй гэдгийг библи (Еврей 6:1 ) бидэнд уриалдаг.
Сүнслэг байдал, итгэлийн хувьд хөлд орж буй хүүхдүүдийг Эзэнтэй хамт алхахад нь туслах гол хүмүүс бол эцэг эхчүүд мөн багш нар юм. Хүн болгонд хүүхэд нас байдаг. Хүүхэд нас бол зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд, өөрөөр сүнслэг төлөвшилтөд хүрэх товч зам гэж байхгүй. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдийн итгэл төлөвшиж, өсөж байдаг.
Итгэлийн өсөлт бол үйл явц юм. Маш бага насны хүүхдүүд итгэлийг анх ойлгохоос илүүтэй мэдэрч амссан байдаг. Хайр энхрийлэл, халамжтай орчин, уур амьсгал мөн томчуудын зүгээс итгэлийн загвар жишээг үлгэрлэн харуулах байдлаас тэдний итгэл өсч хөгждөг. Ийнхүү тэд Бурхан өөрсдөд нь хайртайг мөн өөрсдийн үнэ цэнийг олж мэдэрдэг. Хүүхдүүд болон залуу өсвөр насныхан эцэг эх, үе тэнгийн найз нөхдийнхөө итгэлийг ажиглан харж эхлэх үед итгэлийн өсөлтийн дараагийн үе шат бий болдог. Энэхүү үе шатанд маш чухал зүйл бол хүүхэд тухайн сүмд болон итгэгч хүмүүсийн дунд өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн, чухалд тооцогдсон, мөн хэрэгцээтэй эсэх, хүмүүс түүнийг эрэлхийлж хайдаг эсэхийг мэдэрдэг байдал юм.
Хүүхдүүд өсөх тусам, итгэл нь тэдний асуулт, эргэлзээ, эрэл хайгуул болон туршилтаар илэрч харагдах нь элбэг байдаг. Вэстэрхоф “хүмүүс бусдаас суралцах явцдаа өөрсдийн хуучин арга ухаанаа шалгах шаардлагатай тулгардаг тул тэдгээрээс өөр сонголтуудыг эрж хайхыг итгэл шаарддаг. Тэд тэрхүү замаар л итгэл үнэмшлийг өөрийн болгож авах боломжтой юм.” хэмээн хэлжээ.
Энэхүү эрэл хайгуулын үедээ байгаа залуу хүүхдүүдийг аливаа зүйлсийг өөрийн биеэр таньж мэдэхийг нь зөвшөөрөхийн сацуу “ тэднийг оюуны тэмцэл, туршилт болон анхны зориулалт амлалтаа хэрэгжүүлэх гэсэн оролдлогуудынх нь үед итгэлийн хамт олон дундаа байсаар байхыг нь урамшуулж байх” хэрэгтэй юм. Вэстэрхофын томъёололоор итгэлийн өсөлтийн эцсийн үе шат бол “ өөрийн болгосон итгэл” юм:
Итгэлийг өөрийн болгохын өмнө эргэлзээтэй нэлээд тэмцэлддэг учраас уг зүйл ихэнхидээ том тайлбар эсвэл гэгээрэл мэт санагддаг, гэхдээ ямар ч тохиолдолд бидний үйлс болон шинэ хэрэгцээ шаардлагуудад гэрчлэл болж болно. Одоо үед хүмүүс өөрсдийн итгэлийг хувийн болон нийгмийн үйл хэрэгт тавихыг хүсдэг болсон бөгөөд тэд өөрсдийн итгэдэг зүйлсийн төлөө, тэр ч бүү хэл өөрсдийн хүмүүжиж өссөн нийгэм хамт олны эсрэг хүртэл босч хөдлөхөд бэлэн бас тийнхүү үйлдэх боломжтой болжээ.
Стив Вамберг элч Паулыг “өөрийн болгосон итгэл” –ийн анхны үлгэр жишээ хэмээн тэмдэглэсэн байдаг. Паул Христэд итгэнгүүтээ өөрийн итгэлийг үйлдэл болгох маш их хүсэлтэй байв. Тэрбээр олдсон боломжит цагийг ашиглан Христэд итгэх өөрийн итгэл үнэмшлийн төлөө тэр ч бүү хэл өөрийг нь өсгөсөн Иудейн итгэлийн хамт олныхоо эсрэг дахин босдог.
Манакогийн хатан хаан Грейс нэгэн ухаалаг санааг дэвшүүлжээ. Тэрээр: Олонх эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ итгэл бишрэлийн талаарх мэдлэгийн тал дээр анхаарал тавьж, юу ч хийдэггүй. Тэд 21 нас хүрээд юунд итгэхээ шийд гэж хэлдэг. Энэ нь тэдэнд 21 нас хүрээрээ шүдээ угаах эсэхээ өөрсдөө мэд гэж хэлж байгаатай адил юм. Энэ үед тэдний шүд аль хэдийн уначихсан байх болно гэжээ.
Христчин гэр бүлүүд хүүхдүүдтэйгээ хамт залбирч, тэдэнд библийн тухай, цуглааны бусад хүмүүстэй уулзах талаар ч бас таниулдаг. Энэ бүгд чухам хаанаас эхэлдэг вэ?
Эцэг эх болон багш нар “өөрийн болгосон итгэл”-ийг дараах байдлаар урамшуулан батжуулж болно.
· Судрыг өдөр тутмынхаа амьдралтай холбох
· “өөрийн болгосон итгэл”-тэй хүмүүсийг өөрсдийн итгэлээ өдөр бүр бодит арга замуудаар илэрхийлэхийг уриалах
· Өдөр бүр Библи уншин, залбирахыг ятган урамшуулах
· Нийгмийн хэрэгцээнд хариулт болгон Библийн дагуух үйлдэл хийхийг зоригжуулах
Ашигласан материал:
James W.Fowler Stages of Faith 2000,
Я. Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” 1966,
Ж.Д. Дуглас “Библийн хураангуй толь бичиг” Монгол орчуулага 2004,
R.T Kendall Understanding Theology 3 2001,
Art Murphy Faith of Child 2002,
Keith J White The Growing of Love 2008,
Dan Brewster Child Church and Mission 2005,















